МУНХАГИЙН ХАРАНХУЙГ ГИЙГҮҮЛЭГЧ БИЛГИЙН ЗУЛ ОРШВОЙ
Хутагт их нигүүлсэгч дор мөргөмүй! УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ
Хамгийг
айлтгагч ялж төгс нөхцсөн бурхан лугаа хамтдаа агч Сарваа бодисад нарт
мөргөмүй! Харш нисваанисаас тонилгох цаг бүхнээ даан соёрхоо! Чойжид би
бие ухаан салсны эцэст эрлэгийн газар хүрч буян нүглийн үрийг эдлэхийн
учрыг мэдэрч Эрлэг номун хааны зарлиг захиаг дэвтэр дор оршуулан олон
амьтнаа дэлгэр гаргахын тул товчлон өгүүлэх нь: Чойжид би гучин
зургаахан насны цагт арван зургаан хоног өвдөж аливаа ном гүрэм тустай
бүхнийг үйлдэвч улмаар хүндэрч эдгээ үхэх боловоо. Чавганц больё
хэмээхэд эцэг эх, гэрийн эзэн эс таалсанд би насан багын цагт нэг номын
хөтөлбөрийг авч бясалгасангүй. Дээд лам гурван эрднийг ихэд тахисангүй.
Зургаан зүйл хамаг амьтанд аривтай өглөг өгсөнгүй. Өөрийн гурван үүднээс
бүтээсэн буяны үндэс ихгүй. Ламын сургаалын багшид идээ өргөл төдийлэн
барьсангүй. Аяа хөөрхий чөлөө учралт энэ биеийг дахин олохуйяа бэрх
болсон хойно хичнээн гэмшивч тусгүй билээ.