2012-02-28

Монгол ястангууд

Барга
Баргууд нь XIII зууны үед ойн иргэд, хорь түмэдийн хамт монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж урианхай мянганы нэгэн болж явжээ. Монголын Юан улсаас хойш Баргуд аймаг нутаг зүүлж, Эргэнэ, Онон гол, Хөлөн нуурын газар суурьшиж, хорчин аймгийн захиргаанд орсон байна. XҮ зууны эхэн хагаст (1437 онд) Ойрадын Тогоон тайш Зүүн монголын хорчины Уругтөмөрийг ялснаар түүний харъяат барга буриад аймаг Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд багтах болов.

Үүнээс хойш Зүүн монголын Алтан Боди Алаг хаан 1525-1538 онд барга буриад аймгийг дийлж, Ойрадаас салган мэдэлдээ оруулж авчээ. Тэр цагт Хянган давааны ар нутаг эзгүй зэлүүд газар байсан тул баргачуул тэнд хүрэлцэн очиж суусны дээр тэдний араас халх, өөлдийн нэлээд отог омог очиж нутагласан байна. 1730-аад онд эл баргын хүн амыг Манж чин улсын засгийн газраас хошуу сум зохиож, хуучин шинэ баргын хошууг байгуулжээ. Найралт төвийн 10 (1732) онд шивчин солоон баргыг баруун, зүүн гар болгоод шивчин, 2, солоон 6 хошуу зохион, мөн ондЦэвдэн хэмээгчийн дагуулж очсон хоёр отог өөлдийг Хайлараас урагш нутаглуулан нэг хошуу болгожээ. 1734 онд Халхын Цэцэн хан аймгийн Сан, бэйс, Далай бэйсийн хошууны халх-буриадын 8 сум тасарч захирагч Загдыг даган ирснийг найман хошуу болгон шинэ барга хэмээн нэрийдэж, Хайлараас хойш Хөлөн Буйр нууруудын хороонд нутаглуулжээ. Тэр нь Шулуун шар, Шулуун улаан, Шулуун цагаан, Шулуун хөх, Хөвөөт шар, Хөвөөт улаан, Хөвөөт цагаан, Хөвөөт хөх хошуу аж. Ингээд барга хуучин 9, шинэ 8, бүгд 17 хошуутай болж Баргын төв захиргааг Хайлар амбанд хамааруулжээ. Өөлд орочон хоёроос бусад хошуунд гурван сум зохиож, сум бүрээс 200 хуяг гаргахаар тогтоосон байна. Хошууны тэргүүлэгч нь “үкэри даа” буюу “бүгдийн дарга” гэдэг байна. 1905 оноос Баргын захиргааг өөрчлөн, барга цэргийг буулган хятад цэргээр орлуулжээ. 1911 онд Ар монголд Манжийн захиргаа устаж тусгаар тогноход 1912 оны 1 сард Баргад бослого гарч Хайлар хотыг чөлөөлсөн байна. Баргын түрүүчүүд хуралдан Баргыг Богд хаант Монгол улсын харъяат гэж зарлан занги Дамдинсүрэн тэргүүтэй төлөөлөгчид нийслэл Хүрээнд иржээ. Жасрангийн Дамдинсүрэн нь угтаа шинэ Баргын шулуун цагаан хошууны нутаг “Цагаан хошуу” хэмээх газар 1871 онд төрсөн хүн бөгөөд 1912 онд баруун хязгаарыг төвшитгөх сайдаар Магсаржавын хамт томилогдон Ховдод ирж, Тус хотыг Манжийн түрэмгий цэргээс чөлөөлөхөд ихэд гавъяа байгуулан “манлай баатар” цолоор шагнуулжээ. 1915 онд манлай баатар Дамдинсүрэн Хмагтад болсон Орос, Хятад, Монгол гурван улсын хэлэлцээрт оролцсон бөгөөд тус гэрээгээр Баргыг Дундад иргэн улсын зүүн гурван нутгийн бүрэлдэхүүнд үлдээхээр болжээ. Иймд Дамдинсүрэн нутагтаа очин албатаа дагуулан Монгол улсад нүүн ирэхэд Сэцэн хан аймгийн сан бэйс Сансрайдоржийн хошууны нутгийн умард Даохь Зах хөвөлзөх зэрэг таван харуулын газрыг олгож Загал уул, Гурван нуураар нутаглуулсан нь Манлай вангийн хошуу болжээ. Энэ хошуу нь 1923 онд Хан хэнтий уулын аймгийн Амгалан хан уулын хошуу Цог уулын сум гэгдэж байгаад 1927 онд Улз голын хошуунд нэгдээд, 1931 онд дээрх хошуунаас тасран Гурванзагал сум болсон юм. Гурванзагал сум нь 1956 онд дахин байгуулагджээ. Гурванзагалын барга нар нь хуучин Хөлөн нуурын баруун хойд, хойгуур Улз зүгт нутаглах Хөвөө цагаан, Шулуун цагаан, Шулуун улаан, Шулуун хөх хошуунаас ирэгсэд болно. Барга нарын нэг хэсэг нь Төв аймгийн (хуучин) Авдарбаян сумын харъяат барга нар болно. Эд нар Хөлөн нуурын баруунтайх Хөвөөт хөх, Шулуун шар, Шулуун улаан, Хөвөөт улаан хошуунаас 1910 хэдэн оны үед, Базаргадь цорж лам, Очирваань гүн, Жамбал гүн, Тулай гүн нарын удирдлагаар Монголд ирж, Богдын шавь болж Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу нутгаас Авдарбаян Чулуут гэдэг газрыг авч нутаглан, Богдын их шавийн Эрдэнэ хувилгааны барга отог болжээ. Тусог отог нь 1925 оноос Дэлгэр их уулын аймгийн Зогсоол жаргалант уулын хошуунд харъяалагдаж байгаад 1931 онд Төв аймгийн Авдарбаян сум гэгдэх болжээ. Энэ сум 1956 онд татан буугдаж Сэргэлэн, Баян, Баянцагаан суманд нийлсэн учир Авдарбаяны барга нар дээрх сумдад тархан сууж байна. Түүнээс гадна Их шавийн Үнээ уул, Шажин хурах, Хэрлэн баян хан уулын отогт барга отгоос оролцон шинэ засаг захиргаанд багтсаныг тэмдэглэлтэй. Дорнодод сүүлд (1946 оны намар) ирж нутагласан барга нар нь тус аймгийн Хөлөнбуйр суманд сууж байна. Энэ барга нь шинэ баргын Хөвөөт цагаан хошуунаас нүүдэллэн ирж, Хөлөнбуйр сумын үндсэн хүн ам нутагладаг Хөвөөт цагаан Шулуун цагаан, Хөвөөт шар хошууны хүмүүс юм. Энэ Баргыг Шарийбуу гэдэг хүн удирдан иржээ. Ер барга нар нь буриад, Халх, өвөрлөгчдийн холимог овгоос бүрэлддэгийн нэгэн адил хэл аялгуу, зан суртал соёл нь мөн холимог шинжтэй юм. Баргын дотор дараах овог (хал) багтдаг. Үүнд: 1. Авгашуул, 2. Өзөөн, 3. Гушид, 4. Хангин, 5. Сээжин, 6. Жоргоон, 7. Дайртан, 8. Харгана, 9. Еншөөв, 10. Цагаан ураг, 11. Улиад, 12. Хагшууд, 13. Бодонгууд, 14. Шарайд, 15. Номчин,(нумчин) 16. Хуасай, 17. Хүвгүүд (хувдүүд), 18. Алгуй, 19. Галзууд, 20. Хонтой, 21. Худай, 22. Күйслэг, 23. Халвин, 24. Авхан, 25. Гүжиан, 26. Сээрчин зэрэг болно Баргын овгуудаас зонхилох нь хорь буриадын эцэг (овог) болох ба бусад нь хамниган, өвөр монголын овгууд байна. Барга ястны хэл аялгуу нь нийтдээ дорнод монголын барга буриадын аман аялгуунд багтах бөгөөд хуучин барга нь солоон (манж хамниган), шивчин (буриад), өөлд (ойрад) аялгуутан болох ба шинэ барга нь барга-буриадын аман аялгуу буюу Хөвөөт цагаан хошууны аялгуу, барга-халхын аялгуу, Шулуун хөх, Хөвөөт хөх хошууны аялгуу гэсэн ялгавартай байна.

 

Хамниган
Эдгээр хамнигадын гарал үүслийг олон мянган жилийн тэртээ Алтайгаас Үсүн улсын хүн иргэн Хар мөрөн хүртэл нүүдэллэн явах замдаа үлдэж хоцорсон хүмүүс гэлцдэг. Тэгээд өнө удаан хугацаанд монгол овогтны дунд байсан авч хэлээ марталгүй өнөө хүрч ирсний дээр тэдний нутаглах газрын нэлээд нэр нь хамниган үгээр хэлэгдэж заншжээ. Ерөөгийн хамнигад нь Ходоодын булан, Ялбаг, Танга, Бугант, Шарлун, Харлунгийн эх, Цөхөд орох Галтай Төмөртэй горихон, Минж голын ээлтэй зэрэг газар суух ба Дорнодын хамнигад нь Онон голын гурван харуул-Агаца, Гилбэр, Улхун болон Тогосогийн шилийн өвөр дагуу Улз голын хойд захаар оршин байдаг болно. Үүнээс илүү олон нь Дорнодын хамнигад бөгөөд тэд нар Дархан Ба гүний хошуу (Хан Хэнтий уулын хошуу) буюу Төв аймгийн Мөнгөнморт сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг : Эрдэнэ гүний хошуу (Батхаан уулын хошуу) буюу Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо сум, Хэнтий аймгийн Норовлин сумд : Дайчин бэйсийн хошуу (Батноров уулын хошуу) буюу Хэнтий Батноров, Норовлин, Бэрхийн хороо захиргаа: Хөвчийн Жонон вангийн хошуу (Биндэръяа хан уулын хошуу) буюу Хэнтий Биндэр, Өмнөдэлгэр (Хэнтий сум), Батширээт, Дадал зэрэг суманд сууж байна. Хэл ярианы хувьд Ерөөгийн хамниган, Мөнгөрморьтын хамниган, Цэнхэр мандал, Мөрөнгийн хамнигад, орчин тойрныхоо монголчуудаас бараг ялгарахгүй шахам болжээ. Хамниган хүний тоо урьд 1000 илүү хүн байсан гэх бөгөөд одоо цөөвтөрхөн байгаа боловч 70 орчин овог тэдний дотор байна. Хамниган овгууд нь : Алтанкан, Бамбадай, Бамбачаан, Баргужин, Баягид, Бааханшил, Бодиндор, Бодонгууд, Гавунаг, Горлуд, Гуринка, Гучид, Гүнээкин, Дагаанхан, Дагуур, Долаар, Долоод, Дулнасэл, Дулигаад, Дүнээкир, Дэрийцэгэд, Залтууд, Залайр, Залайр, Замал, Катанкин Кимор, Көндө, Кэпцэнүүд, Лүнээкен, Лүнэкир, Модонгор, Модоргон, Мекээрчин, Намиад, Нэфтэн, Онхолиг, Өрлүүд, Пөөннкин, Сартуул (Бамбадайн сартуул, Бамбачаан сартуул, Баахашил сартуул, Гуриг сартуул, Гуринка сартуул, Кэпцэнүүд сартуул, Махан сартуул г.м) (Саардуул, Сонголд, Нартууд, Нолоон, Тийвэргэ, Тоошил, Тугчин, Увачаан, Улиад, Улианхан, Унзал, Урианхай, Уринга, Үзөөн, Үхэрдээ, Халбид, Халзангууд, Хангид Хатакин, Хөшүүр, Хуланта, Хуургад, Хуучид, Цахар (Хар хөлт цахар, цагаан хөлт цахар), Цоохор Цэмцэгэд, Чипчинүүд, Шарга-Азарга, Шимжээг, Шимшигид, Ширгадуул, Шүүлэнкин, Швэнкигир, Эрэмгэн гэх зэрэг болно. Хамниганы омгийг нягтлан үзвэл, нэг хэсэг нь монгол овог болох бөгөөд эд нар нь хамниганы дотор орж нутагласаар “хамниганжсан” монгол угсаатан буриад, ар өвөр монгол овог байгаа нь зарим монгол овогтон манжийн байлдан дагуулах үееэес дайн хөлийн учир хамниган нутагт нүүн ирээд, манж нар хамниганыг өөрийн угсаа нэгтэй гэж халдан довтолж, түйвээхгүй байсан учраас тийнхүү хамниганы дунд нэлээд монгол овогт айл орж олон үе өнгөрөхөд хамниган болсон бололтой.

 

Дарьганга
Дарьгангачуул нь Сүхбаатар аймгийн нутагт оршин суух бөгөөд нутагласан газар Дарь овоо, Ганга нуурын нэрээр Дарьганга гэж нэрлэгдсэн улс юм. Эд нар нь угтаа 1690-ээд оны сүүлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох үест Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, өөлдөөс татаж халхын Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно. Хуучин Дарьгангын сүрэгчин нь доорх 5 гар болж байв. Үүнд: 1. Баруун гар адуучин. Бухын ширээтээс Харцав хүртэлх газар буюу Сүхбаатар аймгийн Онгон, Халзан сумдын зааг Ноён хөндий, Лонгийн чулуугаар нутаглаж байв. 2. Зүүн гар адуучин. Ухаандайн салаанаас Харгилтай хүртэл Асгат, Дарьганга сумдын нутаг Орлой гурван зээрдээр нутаглана. 3. Баруун гар тэмээчин. Хөшөө цагаан хөөврөөс Төгрөг жирэм Аргалын уул хүртэл Баяндэлгэр сумын нутаг Дөхөм, Баян, Тээгийн говь буюу Орлой гурван зээрдээр нутаглана. 4. Зүүн агр тэмээчин. Сэвхүүл, Баянбулагаас Жингэр цагаан тэмээт, Өөш морин хошууны говь буюу Халхзан, Баяндэлгэр, Онгон, Төвшин ширээ, Уулбаян сумдын зааг нутагт бүхий говирхог газраар нутаглана. 5. Хоньчин. Их уулаас Дарьганга, Молцогийн онгон элс, Баруунбулаг, Шардат, Таван толгой, Бударын чулуу буюу Дарьганга, Онгон, Наран сумд Баяндэлгэрийн Хонгор, Дөхөм бригадын нутгаар сууна. Дарьгангын сүрэгчин нь Чин улсын үед Жанчхүүгийн Гусай амбанд захирагдан “Дарьгангын таван гар” нэртэй засаг захиргааны нэгжид харъяалагдан байгаад 1912 оноос Богд хаант Монгол улсын Дотоод Яаманд, 1921 оноос Ардын засгийн Дотоод Яаманд шууд захирагдах болжээ. 1924 онд Дарьгангын нутгийн захиргааны дүрэм батлагдан хуучин таван гарыг өөрчлөн Дарьганга уулын хошууг 18 сумтай байгуулж, тамгын газрыг нутгийн төв Их булаг гэдэг газар Төвлүүлжээ. Ингээд тус хошууг 1929 онд хан Хэнтий уулын аймагт харъяалуулсан ба 1931 онд Дорнод аймагт захируулан Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Молцог, Онгон, Халзан, Хонгор сумд болгосон байна. 1942 онд Жавхлант Шарга (Сүхбаатар) аймагт харъяалагдах болгосны дээр 1955 онд Онгон сумын 1, 6, 7, 10-р багаар Наран сум, 2, 10, 11-р багаар Дариг сум байгуулагдсан ба 1956 онд Их булаг сум, Онгон, Наран сумдаас тасран байгуулагдаад 1961 онд татан буугдаж Онгон суманд нийлжээ. Ийнхүү Дарьгангын одоогийн байршил тогтож, Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумнаа Дарьгангачуул оршин сууж байна. Дарьгангачуул нь мал маллагааны арга, алт мөнгө дархлах урлалаар монгол даяар нэрлэгтэй билээ.

 

Өөлд
Өөлдийн дээд овог Цорос ах анх үүсэхдээ Цомогор аягаар цоргоноос унд ууснаар цорос болсон гэх, тэр хөвгүүдийг ууль шувуу ирж саатуулснаар Уулиндай Бат тайж хэмээх нэртэй болсон гэж үлгэр домогт ч гэрдэг. Юун боловч XVI зууны үеэс зүүн Монгол нь баруун Монголоо дуудах ерөнхий нэр нь Ойрад болон өөлд гэж байсан нь лавтай. Харин Дөрвөн Ойрадын холбоонд Цорос гэж нэртэй хүчирхэг аймаг оролцон улс төрийн талаар тэргүүлэн явсан бөгөөд тэдний хойчис нь хожим өөлд гэдэг нэртэй болсон бололтой. Гэвч Цорос зэрэг овог яс нийт ойрадын дотор үлэмж түгсэн байна. Баруун Монголын нэгэн гол ястан болох Ховдын Өөлд бол XVII зууны эцсээр (1685 онд) бүх ойрадын хаан, цорос овогт Галдан бошигот Ховдын голд ирж нутаглан, монгол цэргийн тариалан үүсгэхэд энд анх нутагласан ба 1690-ээд онд тэдний ихэнх нь Ховдоос Өвөр Монголын Улаанбудан гэдэг газар хүртэлх замын олон дайнд сүйрэн, 1701 онд нэг хэсэг нь Манжийн эрхэнд орж Орхон голд нутаглан байгаад зарим нь 1764 онд Ховдын харъяат болон нүүн ирсэн нь одоогийн Ховд, Эрдэнэбүрэн сумын өөлдүүд болно. Харин Орхонд үлдэгсэд нь Халхын дотор удаан сууж, халхажсан Архангайн өөлд (хуучин Сайн ноёнхан аймгийн Сүжигт бэйс Өөлд Шаа Бэйсийн хошуу буюу одоогийн Архангай Өлзийт, Хотонт сум, Өгийнуур сум) болно. Ховдын Өөлд нь 1755-1758 онд Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг баатарлаг сүүлчийн улсын үлдээс удамтай бөгөөд дайчин улсын цагт засаг үл тавин, тусгай даргатай Ховдын амбанд захируулжээ. Энэ Өөлдийн нэгэн захирагч, Дамыийням тайж гэж байсан нь Манжийн эсрэг тэмцэж яваад осолдсон учир нутгийнхан өөрсдийгөө Дамбий өөлд гэх болсон тул Дамбий өөлд нэртэй болжээ. Өөлдийн дотор Хошууд, Хойд, Цагаан Хойд, Шар Хойд, Бургуд, Харбургуд, Тольтон бургуд, Андуу шавь нэр, Жисэн шавь нэр, Барилга шавь нэр, Тайчууд, Ноён цорос, нохой цорос, Цагаан туг, Байлгас Хирэй цодог (хэрэй цувдаг), Тоос, Егөс, Авгас, Үлжингэд, Энхэ, Махчин хэрэй, Өтгөс, Шар Монгол зэрэг элхэн (овог) буй.

 

Казах
Сак аймгийн хойчис нь түрэгийн өвөг болох МЭӨ III зууны үеийн Усун, Канглы нар аж. Эд нар VIII зуны цагт Түрэг улс мөхсний дараа Х зуун хүртэл Карлугийн улс, ХI-XII зууны эхээр Монголын эзэнт улсын харьяат болжээ. Казах буюу касах, хасаг гэдэг нэр Х зууны үеэс түүх сударт тэмдэглэгдэх болсон байна. Энэ нэрийн учрыг олон янзаар тайлбарладаг. Зарим нь каз-ак буюу Цагаан Галуу нэрээс үүссэн гэх зарим нь Каспийгаар нутаглаж байсан Кас хэсээх нэрийг нь зүүсэн гэх, зарим нь хасаг тэрэг гэдгээс үүсэлтэй, тэрэгтэй улсын нэр гэх, зарим нь Кассак буюу чөлөөт сак гэсэн үгнээс гарсан гэлцэнэ. Эртний казахууд нь ХIҮ зууны үеэс Зүчийн улс буюу Алтан Ордны улсын бүрэлдэхүүнд багтаж зуутын зохион байгуулалттай болжээ. Домгоос үзвэл Алаш хааны харьяат эртний Казахын зуут (Жүз) нь 3 янз байсан бөгөөд Их зуут (улу Жүз) Долоон усны газар, Дунд зуут (Орта Жуз) нь Ишим, Эрчис голд: Бага зуут (Киши-Жүз) нь Өмнөд Казахстанд нутаглаж байсны дээр Их Зуутад үсүн (үйсин) Дунд зуутад Найман, Керей: Бага зуутад Аргын зэрэг овог аймаг харьяалагдаж байв. XIII-XIҮ зууны цагт Монголын их гүрний салбар Өгөөдэй, Цагаадай, Зүчийн улсын бүрэлдэхүүнд байсан казах нь XV зууны 60-аад онд Балхаш нуураас өмнүүр Чуй голын урсгал дагуу нутаглаж, улмаар Өзбен хаадын довтолгооноос дайжин зүүн тийшилж Талас голд хүрч суурьшсан байна. Иймээс “зовлонгоос зайлах, зугтах” хэмээсэн утгатай “Казах” гэсэн үгээр тус аймаг нэрлэгдсэн гэдэг санал буй. ХҮ зууны үеэс казахын дотор Усун, Канглы, Жалайр, Кипчак, Найман, Дулат, Аргын, Огуз, Уах зэрэг овог аймгууд багтаж байсан ба улмаар энэ аймгуудын үндсэн дээр орчин үеийн казах ястан бүрэлдсэн ажээ. Ийнхүү Казах ястан үүсэн төлөвшихөд XҮI зууны үед буй болсон Казахын хаант улс чухал нөлөө үзүүлжээ. XVII зууны эхээр Монголын ойрад аймаг, тухайлбал Зүүнгар улс Казахын хаант улсад цөмрөн, умардаас Бухар. Хивийн улсын феодалууд халдан түрэмгийлснээс Казахын хаант улс хүчин буурч, сарнин хуваагдаад нэг хэсэг нь Орос улсыг түшин дагаж, зарим нь Синьжянд ойд гарч Манж чин улсын харьяат болсон байна. Ингээд XҮIII зууны хоёрдугаар хагасаас (1780 оноос) Абул Мамбет хааны харьяат казахууд Дорнод Туркестанд нутаглан Хар Эрчис, Алтайн газраар суух болжээ. Тэр цагт Казахын нийгмийн бүтэц нь ноёд дээдэс болох хан, султан хийгээд тэдний албат ард тюленгүт болон сурвалжтан бий, бай, батырь: ислам шашны үйлчинходжь, мулла (молда) нараас бүрэлдэж байв. Хүн амын олонх харц ардын дотор шаруа кедей, байгуш хэмээх ядуус багтаж байжээ. Алтайн казахууд угтаа Казахын Дунд зуутын Керей омгийн хүмүүс бөгөөд тэд нар нь Уах керей, Абах керей, Ашамайлы гэсэн 3 янз болно. Үүнээс Монголд шилжин нуталагсад нь Абах керей, Найман казах болно. Абах керейчүүд нь дараах 12 том овог болно. Үүнд: Молхы, Ители, Жадик, Жантекей, Шерүүч, Меркит, Шьбыр-Айгыр, Каракас, Кенсадаж, Жастабан, Шимойын, Сарыбас зэрэг бөгөөд эднээс Жадик, Жантекей, Шерүүч овог Каба, Бауыршин, Эрчис голд, Шыбыр-Айгыр-Кабад, Каракас-Түргэн, Кек толгой, Чингэл, Булганд: Кенсадак-Эрчист: Цастабан-Эрчисийн Ширикши гэдэг газар: Шимонын-Буурал толгойд: Сарыбас-Чингэл, Булганд нутагладаг байжээ. Эдгээр 12 овгийг захирсан Үкерда (Бүгдийн дарга), захирагч занги, цүз-баш (зуутын дарга), элүбаш (тавьтын дарга) зэрэг албан тушаалтнууд байсан байна. Казахын хүн ард Манж-Хятадын болон нутгийн феодлалуудын дарлалуудын дарлалд нэрлэгдэн, бэлчээр нутгаар хавчигдан ядуурсны дээр XIX зууны дунд үеэс Синьжянд болслого үймээн дэгдэж түүний хөлд туйлдсаны улмаас 1864 оноос эхлэн Алтайгаас Ховд уруу казах хүмүүс нүүдэллэн ирэх болжээ. Ингээд 1867-1870 онд бүр отол омгоороо шилжин нүүх хөдөлгөөн өрнөж, Кебеш баатраар толгойлуулсан Жантекей овгийнхон Сумдайрах, Өрмөгт, Шигиртэй, Хуримт зэрэг газраар нэвтрэн Булган, Дэлүүн, Толбод хүрч: Жылкышийн тэргүүлсэн Шерүүч овгийнхон Даян, Улаанхусын газар ирж, нутгийн урианхай ноёдоос газар түрээслэн авч аж төржээ. Үүний дараа 1890-ээд онд Шыбыр-Айгыр, Каракас, Молхы зэрэг бусад овгийнхон нүүж ирсэн байна. 1895 онд Ховдын амбанд 9 цагааны бэлэг барьж, байралнасан газраа батлан суух зөвшөөрөл олж авчээ. Нүүн ирсэн овгуудын захирагчид эрх ямбаа булаалдан тэмцэлдэж, зарим үед олон хүний амь сүйтгэж, ард түмнийг зовоох нь цөөнгү болов. Тийм мөргөлдөөний нэг нь 1900 оны үед Шерүүч, Жадик овгийн тэргүүлэгчдийн хооронд болсон байлдаан болно. Эдгээр омгийн цэлдээд эцэст нь Шерүүч нь дийлж, казахуудыг баримтлан захирах овог нь болов. 1912 онд Монголын баруун хязгаарыг түйвээж байсан дээрэмчин Дамбийжанцагийн үймээний үед казахууд хүнд хэлмэгдэн, гурван хэсэг тасарч нэг хэсэг нь Алтай давж, нөгөөдүүл нь Орос нутагт орж Чүйн голд орогнож байгаад 1913-1914 онд Сукурбайн захирсан Шерүүч овгийнхон Алтайгаас, Киюбайн толгойлсон Санрау (Шерүүчийн нэг хэсэг) овгийнхон Оросоос, Кыланы тэргүүлсэн Бахад (Мөн шерүүчийн нэг хэсэг) овгийнхон Увсын хязгаараар эгэн, анх нутаглан идээшсэн газраа буцаж ирсэн байна. Энэ үед казахууд нь бараг овог аймгийн зохион байгуулалттай тархай бутархай амьдарч байлаа. Тэр цагт Монгол оронд Манжийн захиргаа устаж, тусгаар улс байгуулагдсан учир казахууд Монгол улсад дагаар орох хүсэлтээ Богд гэгээний засгийн газарт гаргасан бөгөөд түүнийг нь ёсоор болгон 1917 оны 3-р сарын 23-нд казахууд Монгол улсын жинхэнэ харьяат болж. Хошуу сумын зохион байгуулалт хийж, тэдгээрийн толгойлогчдод зэрэг хэргэм, тамга олгон, хошуу нутаг захируулах болгожээ. Казахын анхны хошууд нь Шерүүч, Шыбыр-Айгыр, Ботохара хэмээх 3 хошуу болно. Монголын хаярьяат Казахын нэг хэсэг нь Найман казах бөгөөд эднийг “Есөн туг найман” гэж нэрлэдэг. Түүний бүрэлдэхүүнд Каратай, Саргалдак, Төртуыл, Жэлменбет, Жарболды, Шонмурын: Самай, Кара Кирей зэрэг 9 овог багтана. Эд нь Кош-Агаш, Чү голоод нутаглаж байгаад Монголд иржээ. Казахын ерөнхий захирагч нь Өжеке (укерда) гэж байсан ба түүнийг нас барсны дараа дүү нь болох Жангир, түүний хүү Адай, түүний хүү Жунгалдай нар дараалан укерда байв. Том овгуудаас Жантекейн захирагч нь Кебеш, Мурундык, Байхадам нар байсан ба Шерүүчийн захирагч нь Жылкыш. Сукурбай нар байжээ. Эднээс Сукурбай нь гүн (бэйс) хэргэмтэй байв. 1920-оод оны үед Октябрийн хувьсгалаас дүрвэсэн оросын цагаантнууд баруун хязгаарт үрлэж, үймээн самуун дэгдээхэд казахын ард түмэн Монгол ардын Хувьсгалын хэрэгт хүчин зүтгэж Монгол Ардын Журамт Цэрэг, Зөвлөлт Орос Улсын цэрэгийн хамт нийтийн дайсан цагаантныг даран сөнөөхөд идэвхтэй оролцжээ. Ардын хувьсгалын ялалтын дараа орон нутагт арчилсан захиргаа байгуулахад казах хошууд шинэ зохион байгуулалттай болсон байна. Казахууд нь 1925 оны үед Шерүүч, Хошах, Ботхора, Шыбыр-Айгыр, Байхадам гэсэн 5 хошуу болсон бөгөөд 1930 оноос дараах 3 хошуунд 12 керейн 11600 орчим хүн ам хамрагдаж байв.

 

Торгууд
Ойрадын мандах цагт тэдний холбоонд багтаж байсан торгууд аймгийн тэргүүлэгч Хоо өрлөг XVII зууны эхээр Цорос /өөлд/ зэрэг бусад аймгийн толгойлогчтой эвдрэлцэн харъяат албатаа дагуулан 1630 онд Тарвагатайгаас Ижил мөрний савд нүүдэллэн нутагласан байна. Тэнд очсон торгуудууд Орос улстай найрсаг харилцан, XVIII зууны эцэс хүртэл бие даасан аймаг улсын байдалтай байлаа. Торгуудын нэг хэсэг нь хуучин нутаг Тарвагатайн газраа Зүүнгарын улсын мэдэлд захирагдан суусан бөгөөд XVIII зууны дунд үес Зүүнгар улс мөхөж Манж нар Ил Тарвагатайн монголчуудыг байлдан дагуулах үед тэнд нутаглаж байсан торгуудын тайж Шийрэн 1758 онд албат 10000 өрхөө дагуулан Ижилд одож тэнд хориод жил суусан байна. Торгуудууд 1771 оноос эхлэн одоогийн нутагтаа байрлан суурьшсан бөгөөд 1783 оноос Хөсөц уул, Хар хэмээх газрыг цагдан байцаах харуулд суух болсон ба тариалан, мал аж ахуй, ан гөрөө эрхлэн амьжирч иржээ. Торгууд хошуунууд нь 1912 оноос Богд хаант монгол улсад дагаар орж харъяалалд нь багтаж байгаад Ардын засгийн үед 1925 оноос Ховдын сайдын газар захирагдан Чандмань уулын аймагт давхар хамаарагдаж байв. 1929 оны 11-р сард торгууд хошууны төлөөлөгчид, ардуудын хамтарсан анхдугаар хурлаас торгуудын гурван хошууг нэгтгэж Булган мандал бүрэн хан уулын хошуу хэмээн нэрийдэж, тамгын газрыг баян судал гэдэг газар суурьшуулахаар тохирсон байна. 1931 оноос Ховд аймгийн харъяат Булган сум гэгдсээр одоо хүрчээ. Булганы торгуудын дотор Шаранхуд, Баргас, Бургуд, Шарнууд, Хэнгэрид, Хэрэйд, Шарас Замад /яамад/ Мэргэд, Хойд, Хотдууд /хасгууд/, Бурдууд, Хошууд /Авжийнхан Багшийнхан, Баатад, Егөс/ Гучин өрх зэрэг овгууд бий. Булган голын торгууд хошууны нутагт сүүлд ирж нутагласан ястан угсаатан гэвэл Ховог сайрын торгууд, цөөн тооны хасаг болно. Ховог сайрын торгууд нь Ховог гол, Сайр хэмээх уулаар нутаглан сууж байсан бага Цоохорын торгууд гэгч болно. Их Цоохорын торгууд гэдэг нь Харшаар, Эрээн хавирга гэдэг газар 54 сум болж байжээ. Түүнээс гадна Ил гэдэг газар 14 сум торгууд бий.

 

Монгор
Чингис хааны цагт 1227 оны 3-р сард монгол цэрэг Синин, Тохөэ зэрэг газрыг эзлэн аваад тэнд эртнээс нутаглаж байсан Хор хэмээх тугухунь овгийн хүүмүүстэй холилджээ. Ер нь тугухунь эртний Тоба, Муюн нарын төрөл аймаг байсан тул монголтой зан заншил ойролцоо байжээ. Ту нар Мин улсын үед Синингийн Шатанчуань гэдэг газар очиж суусан бөгөөд Чин улсын үед нэг хэсэг нь Хөхнуурт очжээ. Ту нар одоо Цинхай хэмээх Хөхнуур мужийн Хожу монгор үндэстний өөртөө засах сяньд Хуншюй гэдэг голын хөвөөгөөр нутаглан сууж байна. Хүн ам нь 1978 оны байдлаар 12 түм буюу 120000 байв. Ту нар мал аж ахуй голлон эрхэлдэг. Зан заншилд нь охид сэвгэрийг 15 хүрэхээр нь тэнгэрт мөргүүлж бэр болгох, үхэгсдээ шатааж хайлан чандрууг нь хайрцаглан оршуулах зэрэг сонин ёс байдаг аж. Мөн дуу бүжигт их авъяаслаг, ерөөл магтаал их хэлдэг, тууль хайлдаг байна. Тэдний дунд их дэлгэрсэн туульнь “Ларбуйнчэмүнсо” гэдэг тууль гэнэ. Бурхны шашин, бөө шүтдэг, шашиндаа төвд үг нэлээд хэрэглэдэг. Хувцас хунар нь их онцлог. Эр эм ялгалгүй хантаазныхаа азхыг хээлдэг, эрэгтэйчүүд нь зунд тэрлэг өвөлд нэхий дээл өмсөн, бөс даавуу бүс бүсэлнэ. Эхнэр хүний дээлийн энгэр нь ташуу, хоёр ханцуй нь таван өнгөөр алаглуулсан тоногтой ба гадуураа хар ууж өмсдөг байна. Тийнхүү монгорын зан байдалд монгол төрх нэлээд хадгалагджээ.

 

Синьцзяны Ойрадууд
1750-аад онд Манжийн булаан эзлэгчид Зүүн гарыг дайлан сөнөөх үед урьд Орос нутагт одсон Хоо өрлөгийн мөрөөр Ижил мөрөн уруу нүүж очоод Уваш хааны үед 1771 онд Илийн газар эгэж ирсэн торгууд хошуудаар байгуулсан арван гурван хошуу нь Илийн жанжинд харъяалуулан гадаад засаг хэмээн дуудаж, Үнэн сүсэгтийн болон Бат сэтгэлтийн чуулган хэмээх таван чуулганд хамааруулсан байна. Хуучин торгууд аймгийг Үнэн сүсэгтийн дорнод, өрнөд, өмнөд, умард замын чуулган хэмээн дөрвөн чуулган болгоод торгуудын арван хошууг багтаан, Бат сэтгэлтийн дундад замын чуулганд хошуудын гурван хошууг харъяалуулжээ. Үнэн сүсэгтийн өмнөд замын чуулган дахь өмнөд замын Ханы хошуу, Дундад хошуу, Дундад хошуу, Баруун хошуу, Зүүн хошуу зэрэг дөрвөн хошуунд Тэнгэр уулын өмнөх Юлтэс голоор Умард замын хошуу, баруун хошуу, зүүн хошуу гэсэн гурван хошуу хамааруулж Ховог сайрын газраар нутаглуулаад, дорнод замын чуулганд хуучин торгуудын баруун хошуу, зүүн хошууг багтаан Хүр Хар усны газар суулган, өрнөд замын чуулганд хуучин торгууд аймгийн өрнөд замын хошууг оруулан Жин хө голын газар нутаг олгожээ. Энд дөрвөн чуулганы нэгдүгээр чуулганы дөрвөн хошууг Зоригт хан Уваш, түүний үеэлд хүү, Аюуш ханы гуч хүү Эмгэн, Уваш, Баяжих, Хаших нар мэдэх болжээ. Хоёрдугаар чуулганы гурван хошууны засаг нь Зоригт хан Увашийн төрлийн хүү Цэвэгдоржийн хүү Гүнгээцэрэн, Аюуш ханы дөч хүү Усхад нар болов. Гурав дахь чуулганы хоёр хошууг Зоригт хан Увашийн төрлийн дүү Бамбар (Бамбарын элэнч өвөг Назар Мамуд бол Аюуш ханы үеэлд дүү болно). Увашийн төрлийн Цэвдэн нар толгойлжээ. Дөрөв дэх чуулган Зоригт хан Увашийн төрлийн авга Мумунтын захирсан хошуугаар байгуулагдав. Ийнхүү торгууд хошуу нь халимагийн хан агсан Увашийн төрлийн ноёдын эзэмшил болжээ. Харин Хошууд нь Батсэтгэлтийн чуулганд багтан дундад замын дундад, баруун, зүүн гэсэн 3 хошуу болсон байна. Эдгээр хошуунуудын анхны засаг олсон хүмүүс нь Хошууд аймгийн Ханай Хонгор ноёны зээ хүү Хөндлөн Увашийн 2-р хүү Доржийн удмын Ноохой болон Баярлах нар аж. Ийнхүү Синьцзяны хошууд нар нь Чингисийн дүү Хабат Хасарын үрийн албат нар болж байна. 

 

Дээд Монголчууд
Чингис хааны хүү Хабат Хасарын 7-р үе болох Агсагалдай ноёны хоёр хүүгийн ахмад Арагтөмөр нь хочин, жалайд, дөрвөд, горлос, ар хорчин, дөрвөн хүүхэд, зуу мянган, урадын ноёдын дээд уг бөгөөд нөгөөх хүү Үрэгтөмөрийн харъяаны аймаг нь Ойрадын Эсэн хааны үед баруун зүг нүүж Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд багтсан хошууд аймаг болов. Хошуудын эзэн Төрбайх хэмээх Гүш хан 1636 оны өвөл Хөхнуурт хүрч тус нутгийг эзэлж байсан Халхын Цогт тайжтай байлдан дийлж Хөхнуурыг эзэрхэн суужээ. Дараа нь Гүш хан Төвдийг эзлэн Хөхнуур Төвдийг хошуудын ноёрхолд оруулав. Гүш ханы 10 хөвгүүний удам нь Хөхнуурын хошуудын 21 хошууны өвөг болов. Мөн энэ үед Галдан бошигтын төрөл Цорос овогт Зодов баатар, Зоригт хошууч гэдэг ах дүү хоёр албатаа дагуулан Хөхнуурт ирж сууснаар Хөхнуурын цорос хоёр хошууны дээдэс болсон байна. Бас Дөрвөн Ойрадын нэгэн болох Торгуудын дээд уг Ван ханы 6-р үе Махач Мөнхийн хүү Бойго өрлөгийн 3-р хүү Бор-Агалах, Манхай нар Хөхнуурт ирж Торгуудын дөрвөн хошууг үүсгэсэн ба Хойдын нэг хошуу, Халхын нэг хошуу тус тус нүүн ирж суурьшжээ. Хөхнуурын хошуунд чуулган эс байгуулсан бөгөөд Сининд суугаа амбан сайдад захируулсан байна.

 

Дархад
Дархад нутагт хүрэл зэвсгийн үеэс эртний овог аймгууд нутагласнаас нааш XVIII зууны үе хүртэл янз бүрийн угсааны овог аймгууд ирж суурьшсанаар XVIII зууны дунд үеэс нэгэн ястан үүсэх сурвалж бий болж XIX зууны сүүлч, XX зууны эхээр ястан бүрэлдэх явц төлөвшиж ястны өвөрмөц шинжийг олсон ажээ. Дархадын овгуудын бүрэлдэхүүнийг ажиглавал : Хар дархад, ухаа дархад, шарнууд, барнууд өөлд, чонод цагаан зоот (чооду), хар зоот, шар зоот, маанжираг, буриад, кариад, хоролмай, урад, сөнөд, харнууд, ойнад, илжигэн, цагаан хуулар, ногоон хуулар, хар хуулар, хиргис, соён, хар соён, эрхид, онход, балигч, уйгур, хаасууд, цахар, манхлаг гэсэн 32 овог байгаагаас монгол угсааных нь: хар дархад, ухаа дархад, шарнууд, барнууд, чонод, сөнөд, ханууд, маанжраг, манхилаг, хариад, онхот, илжигэн, ойнод, цахар, буриад, өөлд яс болох ба үүнээс хар дархад нь халх хамниганы холимог гаралтай ажээ. Түрэг угсааны овог нь соён, хуулар уйгур, хиргис, эрхит, балыг хоролмай зэрэг яс болохын дээр зоот, хаасууд овог нь нэн (самоди) угсаатанд хамаарагдана. Ийнхүү дархад ястан нь монгол овог голлосон түрэг, нэн угсаатны холимог гаралтай байна. Дархад хэмээх нэр нь тэдний нэгэн болох Дархад овгийн нэрнээс гарчээ. Дархад овог нь хар дархад, ухаа дархад гэсэн хоёр яс болохын дээр хар дархад нь Богдод анх шавь болсон улс бөгөөд сүүлд эд нар Хараа, Ерөөд нутаглаж байгаад Шишгидэд эргэн очиж нутаглан суугаад Жавзундамба хутагтад үслэг алба залгуулдаг дархлагдсан шавь нь болж, улмаар бусад яс овгийнхон нь түүнийг дагалдан шавийн бүрэлдэхүүнд орж тэднийг нийтэд нь дархад шавь нар гэх болжээ. Тийнхүү Хөвсгөлийн урианхайн хязгаарт дархад шавь үүссэнээс хойш энэ нутгийн Дүүрэгч вангийн хошууны урианхай отог, дархад шавь нарын хооронд газар ус, бэлчээрийн талаар баахан зөрөлдөөнтэй болсон авч Дархад нь зундаа Шишгидийн сав газар, өвөлд нь Агар, Өэлтэс, Алтрга, Мөрөн зэрэг газраар нутаглан урагш хойшоо нүүдлэн аж төрөх болжээ.

 

Алтайн Урианхай
Тэднийг X зууны үеэс Баруун хойд урианхай, XII-XIII зуунаас ойн урианхай хэмээн нэрлэдэг байсан байна. Урианхай нэрт аймгууд удам гарлын хувьд монгол, түрэг хоёр байсны дээр монгол урианхай нь дотроо халх ойрад хоёр янз болжээ. Түрэг урианхай нь тува удмынх болох бөгөөд тэдний нэгэн хэсэг нь олон үеийн турш монголчуудтай холилдон суусаар монголжсоны гадна урианхай нь язгуур монгол аймгуудын нэг болох Бурхан Халдуны Шинчи баян урианхайны залгамчир бөгөөд тэдний хойчис XIII зууны үед Монголын эзэнт улс байгуулахад ихэд хүчин зүтгэж, Монголын их гүрний цагт нэлээд тооны мянгатууд болсон ажээ. Монголын Юан улсаас хойш Урианхай аймаг энд тэндгүй тархаж, зарим нь Дөрвөн Ойрадын дотор багталцан зарим нь Зүүн монголын бүрэлдэхүүнд оролцож явжээ. Зүүн монголын харъяат урианхай нь зургаан түмний нэг нь болж байсан ба хожим тэдгээр урианхайд, халх, өвөр монголын дунд шингэсэн ажээ. Дөрвөн Ойрадын дотор багтсан урианхайд чорос буюу өөлд аймагтай ихэд ойр дөтлөг байсан тул тэднийг хамтад нь өөлд-урианхай гэж ч нэрлэж байсан. Сүүлийн үеийн байдлаар Баян-Өлгий урианхайчууд Бугат сумын урдуур, Буянтын зүүгээр, урдуур, Алтайн зүүн, Булганы урд талаар нутаглаж байгаагийн дээр Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут суманд бүхлээрээ сууж байна. Харин нэлээд тооны урианхайчууд Сэлэнгэ аймаг уруу шилжин, Орхон Зүүнбүрэн болон Хэнтий аймгийн Чандаганы сангийн аж ахуй зэрэг газар бүлгээрээ оршин суух болсон. Алтайн урианхайчууд нь ардын туульс хайлан өгүүлэх талаараа нэн алдартай билээ.

 

Цаатан
Тэд өөрсдийгөө духалар, уйгар гэх бөгөөд тэднийг малладаг цаа бугаар нь зүйрцүүлэн монголчууд цаатан хэмээн нэрлэжээ. Цаатангууд нь хуучин Тувагийн Том хошуунаас нүүдллэн ирж одоогийн нутагт суурьшжээ. Цаатнууд тува нарын нэг адил монгол, манжийн захиргаанд байжээ. Манж чин улсын үед Тагнын урианхайн есөн хошуу (ойн сальжак, тож та буюу монгуш, бэйс, маат буюу Кодагайт, Нибаз, хозут, шал) болж байснаас хоёр нь (Бэйс, Маат) монгол ванд захирагдаж байв. Тож хошуу нь Хөл, Ак, Кара, Чугок гэсэн дөрвөн сум болох бөгөөд хөл суманд Ак-тоду, Кара-то ду, Соён, Кыргыз, Канати, Маат, Тархат, Шахар хэмээх овгууд, Ак суманд нь: Ак-Чоду, Кара суманд нь Кара-Чоду зэрэг овгууд байдаг байжээ. Цаатан ардын дунд цаа буга маллах арга ажиллагаа, ан гөрөө хийх эртний уламжлал, урц овоохой иргэний заншил, гэр бүл, нийгмийн харилцааны овгийн байгууллын улбаа, бөө мөргөлийн ёс нэлээд хадгалагдан байжээ. 1960 оны байдлаар Улаан-Уул суманд 39 өрх, Ринченлхүбэ суманд 20 өрх, Ханх суманд 30 өрх цаатан байв. 1960 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор харъяалагдаж байгаа сум нэгдэл, төвлөрсөн газар нь цаатан иргэдэд зориулан өрх бүрд орон сууцны байшинг үнэ төлбөргүй бариулан, дотоод төхөөрөмж, соёлын хэрэгслээр ханган, мөнгөн санхүүгийн тусламж үзүүлэхээр болжээ. Ингэснээр цаатан ардын аж байдал соёлын түшин нь дээшилж, зэргэлдээх бусад ястны адил хэмжээнд хүрчээ.


Тува Урианхай
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумнаа Ховд голын дагуу нутаг, Ховдын Харганатын бэлчээр (Цэнгэл сумын төв) гэдэг газар хошуу төвлөж байсан ба тус хошуу гол хийд нь Шар Даагийн хүрээ буюу (Хөх мончоогийн хүрээ) болно. Энэ хүрээг 1900 онд Дөрвөд Далай ханыхаас эрхлэн байгуулжээ. Шар Даагийн хошуу нь Иргэд сум, Шунгуурган сум, Жакдыва сум, Хөег сум гэсэн дөрвөн сумтай байжээ. Энэхүү мончоогийн хошууны хүн амтай угсаа ойр хүмүүс зэргэлдээ хошуу Эетэй гүний хошуу буюу Цагаан Соёны хошуу болон Зоригт гүний хошуу буюу Хар Соёны хошуунд нутаглана. Мончоог гэдэг үг нь угтаа яс угсаа, отог овгийн нэр бус харин энэ нутагт ирсэн хасгууд, хошуу ноёных нь малгай хөх жинсийг үзээд /хөх молцогтон/ гэж нэрлэснээс ийм үг үүссэн гэдэг. Эд бол Тува гарлын монголжсон Соёд урианхайчууд юм. Эдний овог яс нь дотроо бас ялгаатай байдаг. Жнь: Мончоог нь - иргэд, хөег, хойд, жакдыва, шунгуур гэж ялгарна. Үүнээс хөег нь хаа хөег, хара, гоцог, донгуш, монгуш, хөртгөш, гүлдрэг хөег гэж ялгагдана. Хар Соёныг - хара-төш, хара-сал гэх: Цагаан Соёныг - авганцар, Сарыглар хэмээн ангилна. Харин хойд гэдэг овог нь эрт цагт өөр газраас ирсэн тул Мончоогийн 4 суманд ордоггүй байжээ. Үүний учир нь Манжийн ноёрхлын үед Ёсын хошууны хэсэг айл Ховдын Халзан бүрэгтэй, Гурван цэнхэр зэрэг газар албанд дайчлагдан очоод сүүлд (1870 оны орчим) хошуу нутагтаа эргэж ирсэн бөгөөд хагас зарим нь тэндээ үлджээ. Тэдгээр хүмүүсийн удам нь Цэнгэл сумын 3, 5-р биргадынхан болно. Иймээс эдний дотор хойд овог холилдсон байна. Тэрчлэн энэ нутагт зах найман өртөөны өөлдүүд сууж байсан учир энд бас өөлд овогтон бий болжээ. Баян-Өлгийн мончоог казак, монгол, тува хэлээр, Ховдынх нь монгол, тува хэлээр хэлэлцэнэ. Харин тэдний орон сууц, дээл хувцас, хэв заншил нь Ойрад монголчуудтай адилхан байна.


Хотон
Эд хуучин Дөрвөдийн Зоригт хан аймгийн нутгийн савд Тогтохын шил, Бургалтайн гол орчмын уулсаар өвөлжиж зусан, намар хавартаа Увс нуурын зүгт Тээлийн голоор нутаглан, тариалангийн ажлыг голлон, мал аж ахуйг дагалдах маягаар эрхэлж иржээ. Шашин мөргөлийн хувьд лалын шашныг шүтэн молда /лам/-д мөргөдөг, хэв суртал нь дөрвөдтэй төстэй боловч түрэг маягийн заншлийн улбаа нь мартагдаагүй байна. Хотон аялгуунд болон эртний ойрад аялгууны дуудлагатай үгс нэлээд тохиолдоно. Хотон хүмүүс хүн судлалын шинжээрээ монголоос өөр, нүд хөнхөр, хамар өндөр, сахал үс ихтэй түрэг маягийн царай зүс бие бялдартай боловч одоо зэргэлдээ нутгийн монголчуудтай адилавтар болсон. Хотод нь дуу хуур, бүжигт авьяаслаг бөгөөд ялангуяа Шалбаг зэрэг овогтныг хуур заяасан хүмүүс хэмээдэг домогтой.

 

Халх
Монгол улсын хүн амын үндсэн хэсэг зонхилох ястан нь халхчууд юм. Халхчуудын өвөг дээдэс нь VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн ягуурын монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон. XIV зууны хагасаас хойших Монголын арван түмэн улсын Зүүн 6 туг түмний төвийн түшиг түмэн нь байж, түүх шастирт Монгол орны төв болсон халх орон, Аглагийн арван хоёр хүрээ халх, Арван хоёр халх, Арван хоёр отог халх хэмээн алдаршжээ. Халхчууд нь Монголчуудын төв, өмөг түшиг Хайгуул халхав гэгдэж байсан халхавч бамбай гэсэн утгатай халх хэмээх нэрийг олсон гэдэг. Халхын язгуур эх орон нь Монгол улсын төв нутаг байсан.


Дөрвөд
Дөрвөд гэдэг нэр нь эртний монголын дээд өвөг Дува Сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөнд аймгийн нэрээс үүсэлтэй гэх буюу дөрөвлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох "дөрвөд" гэсэн үгнээс гарсан гэдэг домогтой. Дөрвөд аймаг XҮ-XҮII зууны үед Дөрвөн Ойрадын холбоонд багтаж Талас, Эрчисээр нутаглаж байгаад нэгэн хэсэг (Далайдаш ноёны харъяат) ньТоргуудын хойноос Ижил мөрөн уруу нүүж, бусад нь Зүүнгар улсын бүрэлдэхүүнд үлджээ. Ингээд дотоод хямрал тэмцэлдээний улмаас 1750-аад оны эхээр Дөрвөдийн их ноён Дашдаваа алагдасаны учир түүний Зайсан Саарал албатаа авч Манж чин улсад дагаар орсон байна. 1789 оноос өртөө харуулын алба үзэх болж, Алтай суман харуулд суух болжээ. Хүн ард нь эртнээс нааш тариа тарих хийгээд малын ажлыг хослуулан эрхэлж иржээ. Судалгаанаас үзвэл Дөрвөдийн дотор дараах овог (яс) олонтаа тохиолдож байна. Үүнд: Чорос тайж, Ноёд тойд, Гардаг цагаан яс, Хойд, Хошууд, Шарад (Шарайд). Захчууд, Борлууд, Булгадар, Тонорууд, Торгууд, Харнууд, Хархойд, Салабур, Хэрүүд, Хяргас Шарнууд, Бүрүд, Бүгэр, Кэрйд, Хасгууд, Баргад, Шар хаших, Бөөгүүд (Бөхнүүд) Тайчууд, Таргад, Яргай, Гөлөгэд, Шаазган Зоод, Зуутраг, Бага тугтан, Их тугтан зэрэг болно. Үүнээс харахад, эртний Дөрвөн Ойрадын дотор багтаж явсан Барга, Буриадын дотор байдаг шарад (шарайд) цагаанууд, харнууд, шарнууд, бүрүд болон Зүүнгарын улсын үеийн хойд, хошууд болон түрэг угсааны харгис хашах (хасгууд) зэрэг эрт хожуу үүссэн олон янзын яс овог Дөрвөдөд шингэжээ. Дөрвөдийн овгуудаас ноёлох нь болох цагаан яс буюу цорос омгийн ноёдын уг нь бичгийн сурвалж болон аман домгоор дараах болж буй. Дөрвөдийн ноёдын элэр балрын уг нь Бу хан, Олиндай Батаа тайш (Удунхай бида тайш) нараас угшил тай Өөлд Хутха Таюу буюу Махмудын удмын Тогоон тайшийн үр. Эсен ноёны (1418-1455) хүү Бор нагал (Бор Аялху)-ын удмын ноён гурван Цэрэн болдог. Тодруулан хэлбэл, дөрвөдийн ноёдын өвөг Бор нагалын угсааны Далай тайшийн 4-р хүү Омбын 4-р үеийн ая Дөрвөд Далай хан Цэрэн, Далай тайшийн 5-р хүү Дайчин хошуучийн мөн үеийн ая Чин ман Цэрэн уваш буюу Зоригт хан болно. Дөрвөд ястны овгийн нэрээс зарим нь яс удмын нэр болох авч дөрвөд хошуудын доторх сумдын нэр нь зарим үед тохиолдолд яс овгийн нэртэй давхцан, сүүлийн үед аль нь овгийн, ямар нь засаг захиргааны нэр гэдэг нь ялгахад төвөгтэй болжээ. Настангуудын яриагаар өмнө дурдсан нэрсийг их төлөв ясны нэр гэх боловч түүнд бас сумдын нэрс оролцжээ. Жишээлбэл: Дөрвөд Далай ханы хошуунд Бүчлэн, хүрээний захын шаазган, Дураал, Төлгөд-Ка нар, Жиснэр, Шавь нар, Таргад, Цоохор, Орцос, Шавгад, Борогчид зэрэг 12 сум багтаж байсан гэж ба Зоригт ханы хошуунд Зуутраг, Таргад, Их тугтан, Бага тугтан, Чээжиг, Шар хашига, Замба, Яргаа, Хайдаа (Болзон) Хондоо, Хотон отог, Жисээн суман зэрэг 12 сум байсан ажээ. Харин эдгээрийг нарийвчлан судлах нь чухал болно. Одоо Дөрвөдүүд Увс аймгийн Бөхмөрөн, Түргэн, Сагил, Давст, Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумд (хуучин зоригт ханыхан) болон Улаангом, Ховд, Өлгий хот бусад газруудад оршин сууж байна.


Буриад
Монголын нэгэн гол ястан нь Буриад монголчууд билээ. Тэдний өвөг дээдэс нь Байгаль нуурын ар өврөөр нутаглаж асан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнөх үед Байгалаас хойш Хилого (хялго), Зүлгэ (Лена) мөрний сав, Сэлэнгийн адгаар сууж байсан Булгачин Хэрэмчин хийгээд Горлог (Енисей) мөрний эхэн, Байгаль орчимд амьжирч агсан Хорь-Түмэд, Баргужин төхөмд аж төрөх Баргуд зэрэг монгол угсааны аймгууд байсан ажээ. Дорнод Монголын буриадууд нь Онон-Улз голын сав дагуу Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Норовлин зэрэг сумнаа зонхилон нутаглах хорь 11 овог: Цагаан, Галзууд, Бодонгууд, Шарайд, Халбин, Батнай, Худай, Гушид, Хүгдүүд, Харгана, Ухуацай болон Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумнаа голлон суух 8 овог: Цагаан, Галзууд, Хүгдүүд, Ухуацай, Бодонгууд, Шарайд, Халибин, Харгана зэрэг овог яснаас бүрэлдэхийн дээр Хэнтий аймгийн Батширээт сумнаа бүхий Худар Буриадын дотор Шонос, Буур, Авзай, Хурмуш, Олзон, Бахи зэрэг овог дайралдана. Хэдий тийм боловч эдгээр яс овог нь хоорондоо холилдсон нь олонтаа байна. Эдгээр яс овгуудын нэрийг ажиглахад Хорь, Ага буриад нь буриадын эртний овгуудаас бүрдэж байхад Цонгоолын дотор Халх, Өвөр Монгол, Ойрад гаралтай яс овгууд зонхилж байна. Энэ нь буриад ястний овгууд эрт хожмын олон үед бүрэлдснийг харуулж байна. Буриад Монголчууд МУ-ын Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Бурят АССР, Эрхүү мужийн Усть-Ордын үндэсний тойрог, Чита мужийн Агын үндэсний тойро,: БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Шинэхэн нутагт оршин сууж байна. МУ-ын буриадууд нь хэл аялгуун хувьд Онон Улзын хорь, ага, хамниган, худир буриадын аялгуу, Сэлэнгэ-Үүрийн голын түнхэн-санагын цонгоол буриадын аялгуугаар хэлэлцэнэ. Түүнчилэн буриад ястан нь өвөрмөц соёл бүхий зон юм. Тэд байшин сууцанд голлон суух ба барилга барих хадлан хадах, жимсчлэх ан агнах, үнээ саах ажилд нэн сурамгай. Сүү машиндаж зөөхий хийх, талх барих, жимсний дармал бэлтгэх талаар нэн чадамгай. Найр наадамд харилцаа дуу дуулалцах, цэц булаалдах, бүжиг бүжих, домог тууль хэлэх, тэргүүтнээрээ ихэд нэртэй.


Үзэмчин
Үзэмчин гэдэг нэрийн гарлыг үзэмтэй газраас нүүн ирснээс тэгж нэрлэсэн гэх буюу үзмэрч төлөгч байснаас ийм нэр олсон гэх ба үзүүртэй хурц шулуун гэсэн утгатай үгнээс гаралтай хэмээн янз янзаар тайлбарладаг. Харин сурвалж бичгийн мэдээгээр Юан улсын Тайзу (Чингис) хааны 16-р үеийн ач Төрболдын хүү Боди-Алаг хааны 3-р хүү Онгон дуралын үед түүний эзэшлийг үзэмчин гэж нэрийдэн, баруун, зүүн хоёр гар болгон хуваан, XVI-XVII зууны заагт халхын Сэцэн ханд захируулжээ. Дараа нь Өвөр монголд харъяалагдан байсаар Манж улс Өвөр Монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ. Чингээд үзэмчинд хошуу сумын зохион байгуулалт хийхэд баруун гар нь “Их” үзэмчин, зүүн нь “Бага” үзэмчин хошуу гэгджээ. Үзэмчин нь Өвөр Монголын Шилийн голын чуулганд харьяалагдан байгаад 1945 оны өвөл нэг хэсэг нь МУ-д шилжин ирж нутагласан байна. Энэ үед голчлон зүүн Үзэмчин хошууны хүмүүс орж ирсэн бөгөөд баруун Үзэмчнээс цөөхөн айл иржээ. Дорнод аймгийн дэвсгэрт нутагласан зүүн Үзэмчин нь 1946 онд засаг захиргаатай болж, Хэрлэнбаян сумыг байгуулсан бөгөөд 1959 онд Баянтүмэн хот, Булган сумнаас тасалж байгуулсан Баянтүмэн сум, 1961 онд Хэрлэнбаян, Хөгнө сумаар байгуулсан Сэргэлэн суманд үзэмчингүүд харъяалагдах болсон байна. Нөгөө баруун Үзэмчинээс ирэгсэд нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумнаа суурьшжээ. Үзэмчиний дотор халх өвөрлөгч, барга гарлын нэлээд тооны овог бий. Үүнд: Хавхччин, Дөрвөд, Хайс, Түмчүүд, Тэмээчин, Халхчууд, Авгачин, Урианхай, Баргачууд, Боржигод, Бухшалжууд, Биргачууд, Хатагин, Өвчүүчин Галжуувариад, Чилингэр, Бууралтан, Хасаг, Борнууд, Бурга, Ухай, Ожоон, Баргажин, Цагаан аймаг гэх мэт.


  • Түгээх

  • Сэтгэгдэл бичигдсэн байна

    0 сэтгэгдэлтэй:

    Post a Comment

    Сэтгэгдэл бичих

     
    | Эхэнд очих | Дахин ачааллах | Гарах | Email илгээх |
    about me | control 1 | control 2 |